ТАХИАЧИНЫ “ХОТОНД” ЗОЧИЛСОН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 12 сарын 07
"Түмэн Шувуут" компаниас  зохион байгуулдаг үйлдвэрлэлтэй танилцах аяллаар манай компанид зочилсон А.Минжингийн блогоос ашиглав.

Малчины хотонд зочилж байснаас тахиачины “хотонд зочилж байсангүй.  Хүн төрөлхтний хоолонд юугаар ч орлуулж болдоггүй уургийн хоёр эх үүсвэр байдгийн нэг  нь мах, нөгөө нь өндөг юм.  Саран дээр буух сансрын хөлөгнөөс эхлээд өндөг шарж чаддаг робот хүртэл өч төчнөөн төхөөрөмжийг хүн төрөлхтөн бүтээж чадсан ч хоол хүнсний энэ эх үүсвэрүүдийг бүтээж чадахгүй байгаа нь үнэн билээ. Түүний нэгэнд сүү мөн багтана.  Дашрамд хэлэхэд өндөгний уураг буюу протеин нь чанарын хувьд эхийн сvvний дараа ордог.
Манай Монголын бухан бярууны хийж чадах ажлыг хүн төрөлхтөн нийтээрээ нийлээд хийж чадахгүй ээ гэж нэгэн хүн хэлж байсан нь инээдтэй ч, үнэний ортой л үг. Монгол мах агуулга, чанарын хувьд тэс өөр,  маш чанарлаг гэдгийг бид өөрсдөө мэддэг. Монголчууд монгол махандаа итгэдэг.

Харин өндгөнд хэр их итгэдэг вэ? Өндгийг бид өөрсдөө “үйлдвэрлэдэг”  болсон цагаас хойш   (тахиа өндөглөнө л дөө, ер нь бол). Өөрөөр хэлбэл манай улсад тахианы аж ахуй хөгжсөн цагаас бид өндгөнд малын мах шигээ итгэдэг болоод байгаа юм. Энэ итгэл өдгөө өссөөр л байна. Миний бие энэ итгэлээ бүр итгэлтэй болгох гэж тахиачины хотыг зорин ирэв. Нүүрэндээ ямар будаг түрхэх, биедээ ямар гоёл чимэглэл, цаг сэлт зүүхдээ нэн их анхаардаг, аль болох чанартай, брэнд байвал бүр сайн гэдэг хэрнээ амандаа юу хийхдээ алмай хойрго улс даа бид.  Ширхэг өндөг хямдхан болохоор тэгж ханддаг байж ч магадгүй юм. Гэхдээ над шиг аминдаа хайртай хүн бол өөр л дөө. Яг хаана үйлдвэрлэсэн юм, хэзээ авчирсан юм, хэн авчирсан юм, юугаар авчирсан юм, тэр үйлдвэрлэгч этгээдийн нас хүйс, төрсөн он сар өдөр,  өндөр нам нь байвал бүр сайн энэ тэр гээд...дэлгүүрийн лангууны өмнө  тулж очоод мянган асуулт тавьсан ч заримдаа хариултгүй буцах нь ч бий.  

Жишээ нь би орос өндөг авдаггүй.

-Энэ хаанахын өндөг вэ?

- Орос ах нарын өндөг өө.

-Өө тэд нар чинь уже  бидний ах байхаа больсон. Хэзээ, хаанаас гараад халуун хүйтэн, хэцүү бэрхийг  хэрхэн туулаад Монголд “харлахаар” ирсэн өндөг гэдгийг нь хэнмэддийн.

-Ноолоход ноомой гэгчээр буух эзэн буцах хаягтай Монгол өндөг байна уу? гэх мэт яриа өрнөнө.

Энэ удаад “Түмэн Шувуут” компанийг ониллоо. Манай улсын шувууны аж ахуйн гал голомт анхнаасаа Шувуун фабрик буюу Биокомбинат нэрээр алдаршсан газарт суурьшсан.  “Түмэн Шувуут” компанийн гол үйлдвэрлэл өндөглөгч тахианы аж ахуй мөн тэнд төвлөрчээ. Малчин айлын хотонд орж хонь малаа хэрхэн малладагийг л харж байснаас тахиачин хамт олны хотонд очиж үзсэнгүй тул  төсөөлөл байсангүй.

Миний багад хэдэн тахиа, гахайтай, тэр үнэр танараараа хавийнхандаа ад болдог хэрнээ баяр болохоор нийслэл салатны өндөг авчих санаатай амьхандаа л тал засч зусарддаг айлын хэдэн тахиаг л сонирхож хашааных нь завсраар харж явлаа. Улаан залаатай улаан, шар, ногооныг улбалзуулсан азарган тахиаг л сүргийн манлай өндөгний эцэг гэж боддог байв. Харин өндөглөгч тахианы аж ахуй гэдэг нь өндөгийг эцэггүйгээр болгочихдог ажил гэхээр шувууны аж ахуй сонирхолтой салбар ажээ. Уучлаарай,  хатагтай тахиаг би ажилгүй амьтан мэтээр хилс бодож явсан байна. 

“Түмэн Шувуут”-ын өндөглөгч тахианы аж ахуй 2014 онд 34.2 сая ширхэг, 2017 онд 51.3 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн  нь хачин их тоо санагдлаа. Бид чинь 3 саяулаа тэрнээс Улаанбаатарт сая гаруй нь байгаа гэж бодохоор гэсэн чинь, үгүй юмаа.  Зөвхөн “Түмэн Шувуут” л гэхэд  дотоодын хэрэгцээний тал хувийг дангаараа бүрдүүлж байгаа ч бидний хэрэгцээ өссөөр байгаа юм байна.  Монголчууд 2017 онд 203 сая ширхэг өндөг хэрэглэсэн нь хэрэгцээний 50 хувь нь л хангагдаж. Бид чинь өндгөнд дуртай юм байна. Энэ оноор тооцож бодоход л 220 сая ширхэг өндөгтэй болж байж манай хэрэгцээ ханах юм байна. Дахиад даруй 20 сая өндөг хэрэгтэй гэсэн үг.

Өглөө болгон шарсан өндөгтэй, шарсан талх, гахайн утсан мах иддэг дэлхийн нэг хүнд жилд 220 ширхэг өндөг оногддог бол манай Улаанбаатарын нэг хүнд 90-хэн ширхэг оногддог гэнэ. Бусад улс орноос бусад юмаараа илүү гардаггүй юмаараа гэхэд ядаж идэх уухаараа дутуу баймааргүй л байна ш дээ гэсэн шүү юм бодож явав. Холливудын гоё хүүхнүүд үсэндээ хэр их өндөг хэрэглэдэг бол өөр яаж ашигладаг бол гэсэн бодол ч бас зурсхийнэ, монгол хүний  барьцамхай зан л байхдаа. Жилдээ 220 сая ширхэг өндөг үйлдвэрлэдэг болчихвол өдөрт монгол хүн нэг  ширхэг өндөг иддэг болох юм. Тэр үед би жишээ нь нэг өндгөө чанаж идчихээд нэгийг нь нүүрэндээ түрхчих боломжтой болох юм байна л даа. Энэ хэрэгцээг л хангачих санаатай л манай арваад компани мачийж байгаагийн нэг нь эднийх гэдэг нь гарцаагүй. Буух эзэнтэй буцах хаягтай монгол өндөг хэрэглээд байвал аштай юу даа.  Тэртэй тэргүй азарган тахианы хэрэг идэшний өндөг хийхэд байхгүй юм чинь.  “Түмэн Шувуут” энэ хэрэгцээнд дорвитойхон нэмэр болох боломжтой л юм байна. Гэхдээ азарган тахиа “хүүхэд” хийдэг хэвээрээ юм билээ шүү. Тэдний өсгөн үржүүлж буй хөөрхөн дэгдээхийнүүдийг хараад мэдсэн. Хөөрхий эр амьтны үүргээ биелүүлж л байна лээ, хамаагүй хэлмэгдүүлж бас болохгүй.

ХАТАГТАЙ НАРТ ХҮМҮҮС 24 ЦАГААР ҮЙЛЧИЛДЭГ

Мал сүргээ өсгөхийн тулд төл авах, ахиу гурил будаатай болохын тулд ургуулах, үрслүүлэх гэж хэлдэг. Харин өндгийг үйлдвэрлэх гэж хэлэхээр нүүдэлчин малчины сэтгэлгээтэй миний хувьд нэг л бууж өгөхгүй,  хэл эвлэхгүй байгаа юм л даа. Өндгийг яг “үйлдвэрлэчихсэн үү” гэхээр бас үгүй. Тахиа дангаараа төрүүлээд байгаа юм уу гэхээр бас үгүй. Тахиа бол өндөг төрүүлээд буюу гаргаад байгаа юм. “Түмэн Шувуут” нь гаргуулаад байгаа юм. Тэгэхээр “Түмэн шувуут”,  тахиа хоёрын хамтын ажиллагааны үр дүн нь өндөг. Тэгээд ямар “Түмэн шувуут”-ын тахиа 2017 онд 51 сая өндөг төрүүллээ гэлтэй биш, яах аргагүй л үйлдвэрлэл л болж таараад байна л даа.

Зарим нэг хүний ажилладаг үйлдвэр цехээс ч хамаагүй дээр тохируулгатай, хэмжигчтэй дулаан, агааржуулагчтай аятайхан байранд өндөглөгч тахианууд амьдардаг юм байна. Монголчууд анх орон сууцтай болж байхдаа паартай байшинд амьдарч, паалантай жорлонд сууж, хананаасаа халуун усаа авдаг байсан нь гайхамшиг байлаа. Тахиануудад энэ нь гайхамшиг биш ажээ. Ер нь энэ тахианууд өөрсдийгөө хүн гэж боддог байхаа даа, яг манай муур шиг. (Нөгөө хажуу хашааны хэдэн тахиа хөөрхий мал шиг л амьдарч байж дээ).  Унд хоол нь урсаад ирэх юм, өтгөн шингэн нь бас урсаад явчихдаг.  Хүн бол хянах шалгах, өндгийг нь савлан авахаар л хатагтай нарын байшинд хамгаалалтын хувцастай нэвтэрдэг юм байна. Хатагтай нар хэзээнээсээ ямбатай л даа, тэр янзаараа л аж.

Нэг байранд 30.000-40.000 тахиа амьдардаг. Хажуу хашааны айлынх шиг хоёр хөлөөрөө шоорон шоорон гээд гүйлддэг юм бол уу гэсэн, үгүй юм. Гурван зуун мянган хатагтай нар 2 хөлөөрөө явбал сүйд болох байх л даа, мэдээж. Байрны бүх гэрэл, дулаан, агааржуулалт 24 цагаар ажиллан хүнгэнэж, зардлыг ёстой нэг хүүлж байна даа. Тахиаг бодвол энэ улсад зардал багатай л амьдардаг хүний нэг юм гэдгээ бас мэдээд авав.  

Хэрвээ төвийн цахилгаан тасарвал сэнснүүд зогсож тахианууд агааргүйдэж бүтэж үхэх аюултай. 2011 онд төвийн цахилгаан нэг удаа тасалдаж нэг хариуцлагагүй эр унтаж таарсны улмаас 18.000 өндөгний ээжийн амийг зольчихжээ. Зөвхөн банкны хамгаалагч л хариуцлагатай байх ёстой гэдэг

манайхны ойлголт ч мөн дөө. Мөнгө ямар тахиа шиг үхэх биш алдагдана уу л гэхээс. Бидний Улаанбаатарынхаа утаандаа угиартах ч бага хэрэг юм байна. (Тахиатай л харьцуулахад шүү дээ.)  

Хэрвээ малчин гуай шөнө зүүрмэглэж байгаад хургаа хөлдөөсөн бол хурганы амийг  өөрөө хариуцна, тахианы амийг харин  компани хариуцна. Хачин шүү.

Энэ айхтар эрсдэл дотоодын бусад компанид ч тохиолдож байж. Энэ эрсдлээс хамгаалахын тулд “Түмэн Шувуут” бага оврын цахилгаан станц буюу цахилгааны нөөц үүсгэвэр генераторыг өөрийн хүчин чадлаар бий болгож ажиллуулж байна. Унтаахай манаачийн оронд  цахилгаан тасарвал байшингийн орой дээрх төмөр тахиа харин ч нэг орилж өгнө дөө. Мөн давхар хариуцлагатай жижүүр хариуцлагатайгаар ажилладаг болгожээ. Яг эмнэлэг шиг. Тахианы байрны ая тух ингэж шийдэгддэг юм байна.  Хотын бидний тогийг хэдэн цагаар ч хамаагүй тасалчихаад усгүй, дулаангүй, гэрэлгүй ундгүй хоолгүй хээв нэг байлгадаг хүмүүсийг бодоод тахианаас дор үзэгдсэндээ уур хүрэх ч шиг…За тэр ч яахав хүний эрхийг бол зөрчиж болно, тахианы эрхийг бол зөрчиж үл болно.

Хатагтай нар наран талдаа цонхтой байранд амьдрах юмаа. Торон байшиндаа гэгээвчээр тусах нарыг ажих манатай тэжээлээ тоншоод тун завгүй.  Бодвол олон өндөг гаргах үүрэг даалгавартай энэ амьтадыг байр, хоол ундаар ямбалуулж байж л хэрэг бүтдэг биз.  Азарган тахиа гуай нь үүрэггүй юм бол олон сайн өндөг авахын тулд сайн хоол тэжээл, арчилгаа маллагаанд л учир бий байх.  Тахианаас өндөг авна гэдэг бүр маш нарийн үйлдвэрлэл юм байна. Байр нь ямар байхав, хоол нь ямар байхав, өндөг гаргагч этгээд эрүүд саруул байх уу гээд бүгд стандартын дагуу бодоод,  төлөвлөөд тэр стандартынхаа дагуу 24 цагаар ажиллацгааж байна. Аргагүй ш дээ, бусад амьтад ч гэсэн хэдэн цагт төрж, төллөхөө мэдэх биш. Өвлийн хүйтэнд хургаа хөлдөөчихгүй авчих гээд малчин хотоо шөнөжин эргэж нойргүй хонодог шиг л цаг наргүй  ажил юм.

 Нялх төлийн дуу хавар л цангинадаг бол нялх өндөгний дуу хэзээ хамаагүй “цангинана”.  Тэр цангинасан дууг цоо шинээр хэрэглэгчид атгуулах үүргийг компанийхан хүлээнэ. Тиймээс л ТАХИАН ДУУНААР ТАНД ХҮРГЭНЭ гэсэн уриа үгтэй компани юм байна. Хатагтай тахианууд хашгирах ажил хийж харагдсангүйд ихэд гайхав. Нээрээ хийх ажилгүй юмнууд л хаа сайгүй хашгичиж явах завтай байдаг даа. Компанийн ажил өглөө 05 цагт эхэлчихсэн байдаг. Тахиа донгодох завгүй тул “Тахиачин” биднийг сэрээдгийг бас  мэдэж авлаа.  Өндөг, талх хоёр өглөө биднийг цоо шинээрээ ингэж л угтдаг юм байна. Уг нь залуу хүнийг зорилго нь сэрээж байвал сайн гэсэн. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд өглөөг өндгөнөөс эхлэх нь зөв санагдана.

Өглөө бүр шинэ өндөгний сайхан үнэр намайг сэрээж байх болтугай.

Сэтгэгдэл()