Таван хошуу малынхаа буяныг шүтэж ирсэн нүүдэлчин Монголчууд бид улс үндэстнийхээ тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлыг сахин хамгаалахын тулд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах эрхэм үүрэгтэй.
Буянт малынхаа ашиг шимийг бүрэн дүүрэн хүртэхийн зэрэгцээ хүний биед ашиг шимтэй бүхий л идээ ундаагаа монголчууд өөрсдөө үйлдвэрлэн хэрэглэх нь юу юунаас чухал байдаг. Гэтэл манай улс тахианы махны хэрэгцээнийхээ 94 хувь, өндөгний хэрэглээний 56 хувийг гадны улс орноос импортолж, талаас бага хувийг дотооддоо хангаж байна. Хөдөө аж ахуйн орны эзэн болсон бидэнд энэхүү дутуу орон зайгаа нөхөж Монголдоо үйлдвэрлэх асар их нөөц бололцоо байгаа юм.

Тиймээс “Түмэн Шувуут” компани нь түмнийх болох түүхэн шийдвэрээ гаргаж туулж ирсэн туршлагадаа үндэслэн хөрөнгийн зах зээлд оролцогч аж ахуйн нэгж болсноо дуулгахад таатай байна. Иймд эрхэм таныг Монголын ирээдүйн хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэлийг хамтдаа хөгжүүлэхийг урьж байна. Бидний олон нийтэд санал болгож буй хөрөнгийн зах зээл дэх IPO нь өндөглөгч тахианы аж ахуйг өргөтгөөд зогсохгүй усалгаатай газар тариалан, гурил тэжээлийн үйлдвэр, мал бордож экспортлох цогцолбор, махны чиглэлийн тахианы аж ахуй, сангасны органик бордооны үйлдвэр барьж байгуулах зэрэг бизнесийн олон шинэ чиглэлийг хамрах юм.
Монгол Улсын иргэн бүрт өндөр өгөөжөө өгөх энэхүү хөдөө аж ахуйн цогц шийдэл төслүүд нь хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих бөгөөд нэг төслийнх нь амжилттай үйл ажиллагаа нөгөө төслийнхөө хурдасгагч хүч, ташуур нь болж өгөхөөрөө онцлогтой.

“ЭХЛЭЭД БУСДЫН ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЗҮТГЭ. АЯНДАА САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЧ, САНХҮҮГИЙН АМЖИЛТ ИРНЭ.” гэсэн манай үүсгэн байгуулагчдын үзэл бодол нь нээлттэй компани болох зорилт тавьж буй “Түмэн Шувуут” компанийн өнө мөнхөд баримтлах зарчим байх болно. Хүн амыг эрүүл, баталгаатай, органик хүнсээр тогтвортой хангах, үнэ цэн шингэсэн монгол малын махыг дэлхийд таниулах их үйлсэд хувь нэмрээ оруулж, үр ашгийг нь хүртэх боломж Монгол хүн таны өмнө нээгдэж байгааг онцлон хэлэхэд таатай байна.

“ТҮМЭН ШУВУУТ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ    Ж.БОЛД