ТУЗ-ИЙН ГИШҮҮД БҮТЭЭН БАЙГУУЛЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 06 сарын 26

“Түмэн шувуут” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд IPO төслийн хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, үйлдвэрийн аялал хийлээ. Төслийн хүрээнд бид эхний ээлжинд Өндөгний агуулах байр, шинээр өндөглөгч тахианы аж ахуй, органик бордооны үйлдвэр, өндөглөгч тахианы 8-р байр зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж байгаа билээ.

ӨНДӨГНИЙ АГУУЛАХ БАЙР

ТУЗ-ийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд барьж буй Өндөгний агуулах, оффисын барилгын үйл явцтай танилцлаа. Өндөгийг үйлдвэрээс хэрэглэгчдэд очих хүртэл бүх бэлтгэл ажлууд агуулах байранд явагдах юм. Мөн Ажлын байр, алба хэлтэс, ажилтнуудын тоо нэмэгдэж үйл ажиллагааны хувьд хүрээгээ тэлсэн болохоор оффисын байрыг томруулж шинээр барих асуудал тулгараад байсан юм. 2019 оны 4-р улиралд ашиглалтанд оруулахаар төслийн багийнхан ажиллаж байна.


"АГРО ФИЙД" ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР

Тэжээлийн үйлдвэрийн лабораторийн хүчин чадлыг NIRSystem -аппаратаар сайжруулсан нь үйл ажиллагааны хувьд маш том дэвшил болсон юм. Хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэж байгаа ийм төрлийн хоёрхон аппарат байдгийн нэг нь манай лабораторид ашиглагдаж байгаа билээ.
Мөн тэжээлийн үйлдвэрийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор ажилтнуудын хоолны газрын байрыг шинэчлэн барих ажлыг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэнэ.



Чанартай, органик тэжээлийг хэрэглэгчдэд хүргэх эрхэм зорилготой тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай  танилцаж байгаа ТУЗ-ийн гишүүд 

ШИНЭЭР БАРИГДАХ ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ АЖ АХУЙ

Шинээр барьж байгуулах шувууны аж ахуйн барилгын ажлыг төлөвлөгөөний дагуу эхлүүлэхээр болсныг ТУЗ-ийн гишүүдэд танилцууллаа.  Шинэ тахианы аж ахуй эхний ээлжинд 200,000 өндөглөгч тахиатай үйл ажиллагаагаа эхлэх юм. Бидний хэтийн зорилго 500,000 тахиа, нийт "сая" шувуутай аж ахуйг бий болгохын төлөө ажиллана.


ӨНДӨГЛӨГЧ ТАХИАНЫ 8-Р БАЙРНЫ БАРИЛГЫН АЖИЛ

ТУЗ-ийн гишүүдийн аялалын үеэр инкубаторт 22 хоног дарсан үржлийн өндөг хагарч манай шувууны аж ахуй бүл нэмж байхтай таарсан юм. Шинэхэн дэгдээхэйнүүд дэгдээхэйн байранд 100 хоног бойжиж нас биед хүрсний дараа шинээр баригдаж байгаа өндөглөгч тахианы 8-р байранд төвхнөх учиртай. 8-р байрны барилгын ажил ирэх 7-р сард дуусаж, тоног төхөөрөмж угсрах ажил явагдана.

Шинээр баригдаж байгаа 8-р байрны эзэд

УСАЛГААНЫ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮР АШИГ

Увс аймгийн Баруунтуруун суманд угсран ашиглаж байгаа усалгааны тоног төхөөрөмж үр дүнгээ өгч энэ жил тариалсан улаан буудайн ургалт сайн байна. Ирэх намар ургац арвин хураах тул их ажил ундрах нь дамжиггүй.


ОРГАНИК БОРДООНЫ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
"Түмэн шувуут" ХК хаягдлыг дахин ашиглаж бүтээгдэхүүн болгохоор органик бордооны үйлдвэрийг эхлүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ. Бидний төлөвлөснөөр ирэх намар үйлдвэр маань ажиллаж эхлэх бөгөөд энэ төслийн хүрээнд бид технологи тоног төхөөрөмжийн тал дээр Японы KOHSHIN ENGINEERING компанитай хамтран ажиллаж байгаа юм. 

Түмэн шувуут ХК-ийн хийж хэрэгжүүлж байгаа цогц ажлууд хоорондоо үр нөлөө, ач холбогдлоороо уялдаа холбоотой хөдөө аж ахуйн томоохон бүтээн байгуулалтад зүй ёсоор орж байна. Бид зорьсон, төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд тун удахгүй үр шимийг нь хүртэх болно гэдгээ эрхэм хэрэглэгч, хувьцаа эзэмшигч нартаа дуулгахад таатай байна.




Сэтгэгдэл()