ӨНДӨГНИЙ ХИМИЙН БҮТЭЦ

2018 оны 11 сарын 15
Өндөгний бүтэц, химийн найрлага

Өндөг гэдэг нь тус тусдаа нимгэн хальстай уураг, шар болон шохойн бүрхүүлээр бүрхэгдсэн өндгөн эс юм. Өндөглөгчийг азарган тахиатай хамт маллах үед хөврөлийн хөгжил эхийн биед явагдаж эхлэх боловч өндөглөсний дараах хөгжлийн үе шат нь инкубаторт эсвэл эхэд даруулж явагдана. Тахианы өндөг 35-75 гр, голч 35 мм, уртын голч 60 мм, цагаан уураг 60 хувь, шар 30 хувь, шохой 10 хувийг эзлэнэ.

Гадна хальс (Кутикул)

Шохойн бүрхүүлийн гадна хальсан бүрхүүл нь өндгийг нянгийн бохирдлоос хамгаалах, усны алдагдлыг багасгах үүрэгтэй бөгөөд өндөг гарснаас хойш 2 цагийн дотор хатаж үгүй болно.

Шохойн бүрхүүл

Шохойн бүрхүүл нь гадаргуудаа олон тооны сиймхий сүвтэй, энэ нь ялангуяа түүний мохоо хэсэгт их хэмжээтэй байж, үүгээр ус илүүтэй ууршина. Шохойн бүрхүүлийн зузаан 0.3-1.3 мм боловч шувууны зүйл, үүлдэр, маллагаа тэжээллэгээс болж өөрчлөгдөнө. Гол нь өндгийг механик ба механик бус гэмтлээс хамгаалах, үр хөврөлийг шаардлагатай минералаар хангахад чухал үүрэгтэй. Шохойн хальсанд карбонат кальци 91, органик бодис 6, фосфат кальци 2, карбонат магни 1 хувь байна. Шохойн бүрхүүлийн өнгө нь цусны гемеглобинтой холбоотойгоор өөрчлөгдөнө. Мах өндөг, махны чиглэлийн тахианы өндөг бор, хүрэн, өндөгний чиглэлийнх цагаан өнгөтэй байдаг.

Шохойлог бүрхүүлийн кальцийн хэмжээ ихсэхэд цусны кальцийн хэмжээ ихсэх ба энэ нь араг яс, цус хоёрын хооронд явагдах кальцийн солилцоог эрчимжүүлдэг. Иймээс шохойлог бүрхүүлийн кальци үүсэхэд ясны кальцийг ашигладаг учир цус ба ясны кальцийг тэжээлд агуулагдах кальциар нөхдөг.

Нимгэн хальс

Шохойлог бүрхүүлийн доорх хальсан бүрхүүл хоорондоо нягт наалдсан 2 давхраатай байх ба өндөгний мохоо үзүүрт салж хийн зайг үүсгэдэг төдийгүй шохойлог бүрхүүлийн мохоо хэсэг дэх сиймхий сүвээр чийгийн ууршилт илүүтэй явагдах учир хийн зайн диаметрийн өөрчлөлтөөр өндөгний шинэ эсэхийг мэдэж болно. Шохойн бүрхүүлийн дорхи хальсан бүрхүүл нь үр хөврөлийн агаарын солилцоонд чухал үүрэгтэй учраас түүнийг бохирдох үед агаарын солилцоо муудснаас үр хөврөлийн хөгжил алдагдаж үхэж болзошгүй.

Цагаан уураг

Цагаан уураг 4 давхаргаас бүрдэнэ.

Yүнд:

  • гадна талын шингэн
  • дунд талын нягт
  • дунд талын шингэн
  • дотор талын нягт

Өндгийг удаан хугацаагаар эсвэл буруу хадгалбал нягт уураг шингэрч, уургийн үеүд холилдож бүтэц, чанараа алдана. Ийм өндгийг амилуулах зорилгоор хэрэглэхгүй. Нийт цагаан уургийн ерөнхий жинтэй харьцуулбал гадна талын шингэн давхарга 23, дунд талын нягт 57, дунд талын шингэн 17, дотор талын нягт давхарга 3 хувийг эзэлнэ. Цагаан уураг бүрэлдүүлэгч үндсэн протейнд овоальбумин 6, овоглобулин 14, овомуцин 2 хувь байна. Протейны 40 орчим хувь нь хүнсний ач холбогдол бүхий үл орлогдох амин хүчил байхын сацуу уургийн найрлагад В бүлгийн болон Е, К зэрэг 10 гаруй витамин байна.

Шар уураг

Шар уураг нь нягт уургаас гарсан цагирган хэлбэрийн сэжимийн тусламжтайгаар өндөгний төв хэсэгт урт тэнхлэгийн дагуу байрладаг. Шар уургийг бэхлэгч спираль маягийн бүтцийг сэлүүр (халазин уураг) гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл шар уургаас эх авч өндөгний хоёр төгсгөл рүү чиглэсэн мушгиа уургийг халазин гэж нэрлэдэг. Халазин уургийн нөлөөгөөр шар уураг хөдөлгөөнгүй бэхлэгдснээр хөврөлийн хөгжил өндөгний төв хэсэгт явагдана.

Шар уургийн ихэнхийг липопротейд эзэлж, уураг, витамин, нүүрс ус, эрдэс давс уусмал хэлбэрээр байна. Эрдсийн дотроос кальци, фосфор, магни, кали, хлор, натри, хүхэр, төмөр зэргийн бодис шар уурагт оролцоно.

Өндгийг шилэн хавтгайд хагалж, шар болон цагаан уургийн өндөр, өргөн, нягт уургийн диаметр, өндрийг тусгай багажаар хэмжиж, заалтыг боддог. Тахианы шинэхэн өндөгний цагаан уургийн заалт 0.08-0.09, шарынх 0.4-0.5 байна. Уургийн чанарыг Хафын нэгжээр тусгай хүснэгт ашиглан үнэлдэг. 80-90 нэгжийн Хафын үзүүлэлттэй өндөг нь амилуулахад тохирдог.

Өндөглөгч тахиаг азарган тахиагүйгээр маллахад үр тогтоогүй боловч хүнсний чанараар үр тогтсон өндөгнөөс ялгагдахааргүй өндөг өгөх тул өндөглөгч тахиаг азарган тахиагүй маллаж, тэжээл хэмнэн хүнсний өндөг ахиу үйлдвэрлэх бололцоотой.

Сэтгэгдэл()