ӨНДӨГ ДАРУУЛАХ ЯВЦ

2018 оны 12 сарын 24


Өндөг даруулахад бэлтгэх

 Инкубаторыг усаар угааж, форламины 2-3% уусмал, мөн формальдегидын уураар ариутгана. Инкубаторын 1м3 эзэлхүүн тутамд 45 гр формалин авч 30 гр КМnО3-ийг нэмж хийнэ. Yүний дараа инкубаторын агааржуулагчийг хааж 8 цагийн турш 30 хэмээс доошгүй дулаантай, 80 хувиас доошгүй чийгтэйгээр ажиллуулаад салхивчийг онгойлгон үнэрийг арилгана. 

Даруулахаар сонгож авсан өндгөө хэт ягаан туяагаар 40-50 см зайнаас 5-7 минут шарж, эсвэл формоальдегидын уураар утаж ариутган, шовх үзүүрийг доош харуулж босоогоор нь даруулах тавиурт өрж үдээс хойш 16-20 цагийн хооронд даруулах машинд оруулна.  Ингэхэд 21 дэх өдрийн өглөө дэгдээхэй амилна.

    Өндөг даруулах горим

Даруулалтын эхний 6 хоногт инкубаторын доторх агаарын дулаан 37.7-37.8 хэм, харьцангуй чийг 50-60 хувь, салхивчны нүхийг 10-15 мм онгойлгон өндгийг жигд халаах зорилгоор 1 цаг тутамд эргүүлнэ. 7-19 дэх хоногт агаарын температурыг 37.5-37.4 хэмд буулгаж, харьцангуй чийгийг 66 хувь хүртэл нэмэгдүүлэн, салхивчийг 20-30 мм онгойлгон 2 цаг тутамд эргүүлнэ.

   


Биологийн шалгалт

 Биологийн шалгалт нь өндөг даруулах явцад өндөгний чанар, үр хөврөлийн хөгжил, үр хөврөлийн сөнөсөн шалтгааныг тодорхойлоход чиглэнэ. Өөрөөр хэлбэл биологийн шалгалтын гол зорилго нь даруулах горимд хяналт тавих, дэгдээхэй амилалтанд дүгнэлт өгөхөд оршино.



Даруулалтын 6 дахь хоногт биологийн шалгалтыг явуулан үр хүртэлцээгүй болон бусад шалтгаанаар сөнөсөн үр хөврөлтэй өндөг, 19 дэхь хоногт бүтэж үхсэн үр хөврөлтэй өндгийг тус тус ялган авч, бүтэн өндгийг хагалан үр хөврөлийн хөгжилд дүн шинжилгээ хийнэ.

    Дэгдээхэй амилуулах

Даруулалтын 19 дэх хоногоос эхлэн өндгийг амилуулах машинд оруулан агаарын температурыг 37.5 хэм, харьцангуй чийгийг 70 хувьд барьж салхивчийг гүйцэд онгойлгоно. Зөв технологиор даруулсан үед 20 дахь хоногийн 2-р хагасаас амилалт эхлэн, 18-24 цаг үргэлжилнэ. Дэгдээхэйг инкубаторт хатааж хуурай болсон хойно, амилж буй хугацааны туршид 2-3 удаа түүвэрлэнэ. Эхний удаа бүх өндөгний 50-60 хувь амилж дэгдээхэй хатсны дараа түүнэ. Дэгдээхэйг инкубаторт удаан байлгахад хэт халж бойжилтын эхний 10 хоногт олноор хорогдож болзошгүй

Инкубатороос түүсэн дэгдээхэйг 4 өрөөтэй 60х60х18 хэмжээтэй модон буюу картон хайрцганд савлана. Хайрцагны 4 талын хажуу ханын дээд талд 1-2 см диаметртэй 3-4 нүхийг агаар солилцоход зориулан гаргана. 

Хайрцганд хэрчсэн өвс, сүрэл дэвсэж 100 дэгдээхэй байрлуулна. Дэгдээхэйг хоногийн настайд нь сүвлэж уг хайрцагт хийн 18-22 хэмийн дулаанд тээвэрлэж, бойжилтонд шилжүүлнэ.

Л.Эрхэмбаяр, Б.Лувсаншарав, Ж.Рэнцэнханд Шувууны аж ахуй

Сэтгэгдэл()