“AGRO FEED” ҮЙЛДВЭР ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

2018 оны 12 сарын 07

“Түмэн Шувуут” компани нь хөдөө аж ахуй, газар тариаланг бие биеэ дэмжсэн цогц байдлаар хөгжүүлэх зорилгоор 2014 онд AGRO FEED тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм. Уг тэжээлийн үйлдвэр нь Улаанбаатар хотоос 35 км зайд Сонгинхайрхан дүүргийн нутаг дэвсгэрт оршдог. Дэлхийд тэргүүлэгч Америкийн “FAMSUN” группийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бүрэн автомат уг үйлдвэр нь хоногт 100 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ажиллаж байна. “Түмэн Шувуут” компани AGRO FEED тэжээлийн үйлдвэрийг тахианы аж ахуйнхаа хэрэгцээг хангах болон дотоодын зах зээлд нэн шаардлагатай  уураг, амин хүчил, витамин, макро, микро эрдэс бодисын  тэнцвэрийг хангасан олон нэр төрлийн тэжээл үйлдвэрлэхээр 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ийнхүү байгуулсан юм.

AGRO FEED тэжээлийн үйлдвэр 50 гаруй хольц найрлага шаарддаг 5 төрлийн тахианы тэжээл, 20 төрлийн орц найрлагатай 6 төрлийн мал, амьтны тэжээлийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Тэжээлийн үйлдвэрийн давуу тал нь 1000-ны нарийвчлалтай тэжээлийн орц найрлагыг хольж, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн аргаар цэвэрлэдэг учраас мал амьтны биеийн эрүүл байдал,  ашиг шимд бүрэн нийцсэн өндөр чанарын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах боломжийг хэрэглэгчдэд олгож байгаа юм.  Тухайлбал уг үйлдвэр анх удаа монгол хүний биед дутагдалтай байдаг селен хэмээх микроэлементээр  тахианы тэжээлийг баяжуулах туршилтыг амжилттай хийж,  үр дүнд хүрээд байна. Бүтээгдэхүүний хольц найрлагыг үйлдвэрийн аргаар гүйцэт цэвэрлэж, үл орлогдох амин дэмүүдийг импортоор авч холин тэжээлийн ашигт чанарыг стандартад хүргэснээр мал амьтны шүд, ходоод дотор эрхтэнд чулуу болон хог орохоос сэргийлж цаашлаад өндөг, мах зэрэг бүтээгдэхүүний гарц, эрүүл аюулгүй байдалд хувь нэмрээ оруулж байгаа нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг болсон юм. Тэжээлийн үйлдвэрийн тэжээлүүд нь импортын бүтээгдэхүүнүүдээс хадгалалт, тээвэрлэлтийн явцад чанараа алдахгүй, эдийн засгийн хувьд ашигтайгаар шууд хэрэглэгчдийн гарт очдогоороо тэдний талархлыг хүлээсээр байна. 

Тэжээлийн холих хэмжээ, орц найрлагыг 1000-ны нарийвчлалтай программаар тохируулж, хяналт удирдлагын системээр хянаж,  бэлэн бүтээгдэхүүний дээжийг үйлдвэрийн дэргэдэх Химийн шинжилгээний  лаборторид  6 үзүүлэлтээр хөндлөнгийн тодорхойлолт гаргадаг нь манай улсын хөдөө аж ахуйн хэрэгцээт бүтээгдэхүүнд дэвшил авчирсан үйлдвэрлэл болж байна хэмээн газар тариалан, хөдөө аж ахуйн судлаач шинжээчид дүгнэсэн байна.

Сэтгэгдэл()