МАЛ ЭМНЭЛЭГ, МИКРОБИОЛОГИЙН ЛАБОРАТОР ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?
2018 оны 12 сарын 10“Түмэн Шувуут” компани нь “Мал эмнэлэг, микробиологи нян судлалын лабортор”, “Сорилт шинжилгээний химийн лаборатор”-ийг тус тусад нь байгуулан бэлэн бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн бүхий л явцдаа хөндлөнгийн хяналт шинжилгээг хийлгэн ажилладаг бөгөөд энэ удаад “Мал эмнэлэг, микробиологи нян судлалын лабортор”-ийн үйл ажиллагаатай товч танилцъя.
Тус лабортор нь Монгол Улсын хэмжилзүйн үндэсний төвийн итгэмжлэгдсэн лабортори бөгөөд Өндөглөгч тахианы аж ахуйн дэргэд 2012 онд байгуулагдсан. Мал эмнэлэг, микробиологи, нян судлалын сорил, хяналт, шинжилгээг хийн, хүнсний үйлдвэрлэлийн эрүүл, аюулгүй байдлын стандартыг компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдүүлэн ажиллаж байна.
Лабортор нян судлалын сорилт шинжилгээг эрүүл ахуй, аюулгүй байдал гэсэн чиглэлээр явуулдаг. Тухайлбал өндгөнд нянгийн ерөнхий, E.coli, salmonella, shigella, хөгц мөөгөнцөр, цитробактер гэх зэрэг 8 төрлийн шинжилгээг MNS 3244:1989 стандартын дагуу хийж байна. Тахианы мах, дайвар бүтээгдэхүүн, түүхий эдэд нянгийн ерөнхий, E.coli, salmonella, shigella, coliform зэрэг 10 төрлийн шинжилгээг хийдэг.
Үйлдвэрийн орчин, ажлын байр болон ажиллагсдын эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны дүрмийг сахиулан ажиллахын тулд шувууны байр, заал, гал тогоо, ажиллагсдын ажлын байрнаас агаарын болон арчдасын шинжилгээг тогтмол авч ажилладаг.
Дэгдээхий болон тахианы ус, хоол тэжээлийн шинжилгээг хийхийн зэрэгцээ шувуу, шувууны цусны шинжилгээний дээжийг Мал эмнэлэг ариун цэврийн улсын төв лаборторид илгээж шинжлүүлдэг. Дэгдээхий болон өндлөгч тахианы дархлаажуулалтыг хянаж, вакцинд хамруулан дархлаажуулалтын шинжилгээний хариуг мөн Мал эмнэлэг ариун цэврийн улсын төв лаборторид илгээн шинжлүүлдэг.
Тахианы аж ахуй нь онцгой объект учраас ариун цэвэр, хорио цээрийн дэглэмийг мөрдөх, ажиллагсдыг зориулалтын иж бүрэн хувцсаар хангаж ажиллах, ажлын цагаар ажиллагсад хоорондоо уулзахгүй байх, ажлын байрнаас гадагш гарахгүй байх зэрэг хорио цээрийг чанд мөрдүүлэн ажиллахыг тус лабортор хариуцаж, хяналт тавьдаг юм.
Сэтгэгдэл()