ӨНДӨГНИЙ БҮТЭЦ, ХИМИЙН НАЙРЛАГА

2018 оны 11 сарын 19

Өндөгний тухай илүү ихийг мэдэцгээе

Өндөг гэдэг нь тус тусдаа нимгэн хальстай уураг, шар болон шохойлог бүрхүүлээр бүрхэгдсэн өндгөн эс юм. Өндөглөгчийг азарган тахиатай хамт маллах үед үр тогтсон, азаргагүй маллахад үр тогтоогүй өндгөн эс бүхий өндгийг ялгаруулна. Иймээс өндөглөгчийг азарган тахиагүй маллаж, тэжээл хэмнэн хүнсний өндөг ахиу үйлдвэрлэх бололцоотой байдаг.

Тахианы өндөг 35-75 гр жинтэй бөгөөд хөндлөн голч нь 35, уртын голч нь 60 мм хэмжээтэй, цагаан уураг 60, шар уураг 30, шохойлог бүрхүүл 10 хувийг эзлэнэ. Өндөгний бүтцийн хэсэг тус бүр тодорхой үүрэгтэй байна.

Гадна хальс (Кутикул)

Шохойлог бүрхүүлийн гадна орших энэхүү хальсан бүрхүүл нь өндгийг нянгийн бохирдлоос хамгаалах, усны алдагдлыг багасгах үүрэгтэй бөгөөд өндөг гарснаас хойш 2 цагийн дотор хатаж үгүй болно.

Шохойлог бүрхүүл

Шохойлог бүрхүүл нь гадаргуудаа олон тооны сиймхий сүвтэй, энэ нь ялангуяа түүний мохоо хэсэгт их хэмжээтэй байж, үүгээр ус илүүтэй ууршина. Шохойлог бүрхүүлийн зузаан 0.3-1.3 мм боловч шувууны зүйл, үүлдэр, маллагаа тэжээллэгээс хамаарна. Гол нь өндгийг механик ба механик бус гэмтлээс хамгаалах, үр хөврөлийг шаардлагатай минералаар хангахад чухал үүрэгтэй. Шохойлог хальсанд карбонат кальци 91, органик бодис 6, фосфат кальци 2, карбонат магни 1 хувь байна. Шохойлог бүрхүүлийн өнгө нь цусны гемеглобинтой холбоотойгоор өөрчлөгдөх ба хосолмол ашиг шимийн тахианы өндөг бор хүрэн, махны болон өндөгний чиглэлийнх цагаан өнгөтэй байдаг.

Шохойлог бүрхүүлийн кальцийн хэмжээ ихсэхэд цусны кальци нэмэгдэх ба энэ нь араг яс, цус хоёрын хооронд явагдах кальцийн солилцоог эрчимжүүлдэг. Шохойлог бүрхүүлийн кальци үүсэхэд ясны кальцийг ашигладаг учир цус ба ясны кальцийг тэжээлд агуулагдах кальциар нөхөх шаардлагатай.

Нимгэн хальс

Шохойлог бүрхүүлийн доорх хальс нь хоорондоо нягт наалдсан 2 давхраатай байх ба өндөгний мохоо үзүүрт салж хийн зайг үүсгэдэг төдийгүй хийн зайн диаметрийн өөрчлөлтөөр өндөгний шинэ эсэхийг мэдэж болно. Энэхүү хальс нь үр хөврөлийн агаарын солилцоонд чухал үүрэгтэй учраас түүнийг бохирдох үед агаарын солилцоо муудснаас үр хөврөлийн хөгжил алдагдаж үхэж болзошгүй.

Цагаан уураг

Цагаан уураг 4 давхаргаас бүрдэнэ. Yүнд:

1. гадна талын шингэн

2. дунд талын нягт

3. дунд талын шингэн

4. дотор талын нягт

Өндгийг удаан хугацаагаар, эсвэл буруу хадгалбал нягт уураг шингэрч, уургийн үеүд холилдон бүтэц, чанараа алдана. Ийм өндгийг амилуулах зорилгоор хэрэглэхгүй. Нийт цагаан уургийн ерөнхий жинтэй харьцуулбал гадна талын шингэн давхарга 23, дунд талын нягт 57, дунд талын шингэн 17, дотор талын нягт давхарга 3 хувийг эзэлнэ. Цагаан уураг бүрэлдүүлэгч үндсэн протейнд овоальбумин 6, овоглобулин 14, овомуцин 2 хувь байна. Протейны 40 орчим хувь нь хүнсний ач холбогдол бүхий үл орлогдох амин хүчил байхын сацуу уургийн найрлагад В бүлгийн болон Е, К зэрэг 10 гаруй витамин байна.

Шар уураг

Шар уураг нь нягт уургаас гарсан цагирган хэлбэрийн сэжимийн тусламжтайгаар өндөгний төв хэсэгт урт тэнхлэгийн дагуу бэхлэгдэн байрладаг. Шар уургийг бэхлэгч спираль маягийн бүтцийг сэлүүр (халазин уураг) гэж нэрлэнэ. Өөрөөр хэлбэл шар уургаас эх авч өндөгний хоёр төгсгөл рүү чиглэсэн мушгиа уургийг халазин гэж нэрлэдэг. Халазин уургийн нөлөөгөөр шар уураг хөдөлгөөнгүй бэхлэгдснээр хөврөлийн хөгжил өндөгний төв хэсэгт явагдана.


Шар уургийн ихэнхийг липопротейд эзэлж, уураг, витамин, нүүрс ус, эрдэс давс уусмал хэлбэрээр байна. Эрдсийн дотроос кальци, фосфор, магни, кали, хлор, натри, хүхэр, төмөр зэргийн бодис шар уурагт оролцоно.

Өндгийг шилэн хавтгайд хагалж, шар болон цагаан уургийн өндөр, өргөн, нягт уургийн диаметр, өндрийг тусгай багажаар хэмжиж, заалтыг боддог. Тахианы шинэхэн өндөгний цагаан уургийн заалт 0.08-0.09, шарынх 0.4-0.5 байна. Уургийн чанарыг Хафын нэгжээр тусгай хүснэгт ашиглан үнэлдэг. 80-90 нэгжийн Хафын үзүүлэлттэй өндөг нь амилуулахад тохирдог.

ХААУ-ны доктор Ж.Рэнцэнханд

Сэтгэгдэл()