​ШУВУУНЫ АМЬСГАЛЫН ЭРХТНИЙ ОНЦЛОГ

2018 оны 11 сарын 15

Шувуунд бодисын солилцоо маш эрчимтэй явагддаг, ихэнх шувууд нисдэг, усны шувууд усан дээр удаан хугацаагаар хөвдөг зэрэг онцлогуудтай холбоотойгоор амьсгалын эрхтний бүтэц үйл ажиллагаа нь бусад амьтдынхаас ихээхэн өвөрмөц ялгаатай. Биеийн жин амьсгалын эрхтний харьцаагаар тооцвол сүүн тэжээлтний амьсгалын эрхтнээс шувууны амьсгалын эрхтэн 3 дахин их багтаамжтай. Шувууны амьсгалын эрхтэнд хамрын хөндий, дээд, доод төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой, уушги ба хийт цуух, гуурсан хоолой орно. Шувууны хэнхэрцэг хүчтэй хөгжсөн, өрц байдаггүй. Шувууны уушги нь уян харимхай бус хавиргандаа наалдаж байдаг.


Цагаан мөгөөрсөн хоолой нь уушгинд орохын өмнө баруун зүүн гуурсан хоолой болж салаална. Салаа тус бүрээс цээж хүзүүний хэсгийн хийт цуух үүсч, тэр нь цааш уушгиар нэвтрэн хэвлийн хийт цуух болж төгсөнө. Уушгинд орсон гуурсан хоолой 2 эгнээ дээд ба доод гуурсан хоолой болж салаална. Зарим хоёрдогч гуурсан хоолой уушгинаас гарч хийт цуухтай холбогдох ба зарим нь уушгиндаа мухар цүлхэн үүсгэн төгсөнө.

Хийт цуух бол гуурсан хоолойн салст бүрхүүлийн өргөсч сунасан үргэлжлэл бөгөөд нэг хос биш, 4 хос нийт 9 хүүдий байна. Хүүдийнүүдийг урд ба хойд хэсгийн гэж хуваах ба урд хүүдийнүүд цээжний хөндийд, хойд хүүдийнүүд дотор эрхтний завсарт, зарим нь гэдэсний гогцооны хооронд, хамгийн жижиг хүүдий зүрхний тойронд оршдог. Түүнчлэн зарим хүүдий өргөсч хөндий яснууд, нугалам, цээжний болон аарцагны ястай холбогдсон байна.


Хүүдийнүүдийг урд ба хойд хэсгийн гэж хуваах ба урд хүүдийнүүд цээжний хөндийд, хойд хүүдийнүүд дотор эрхтний завсарт, зарим нь гэдэсний гогцооны хооронд, хамгийн жижиг хүүдий зүрхний тойронд оршдог. Түүнчлэн зарим хүүдий өргөсч хөндий яснууд, нугалам, цээжний болон аарцагны ястай холбогдсон байна.

Хийт цуух нь цээж, хэвлийн хөндийд эзлэхүүнээрээ үлэмжхэн зай эзэлдэг хэдий ч амьсгал авах ба гаргах үед агаарыг сорох, шахах болон шувуу нисэхэд биеийн тэнцвэрийг хадгалах, усны шувуудад биеийн жинг багасгаж усан дээр удаан хугацаагаар хөвөхөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Амьсгал авах үед урд хойд хэсгийн хийт цуухын хүүдийнүүдийн даралт буурах ба амьсгал гаргах үед мөн нэгэн зэрэг даралт нь нэмэгдэнэ.

Амьсгалах механизм

Амьсгал авалтаар орсон агаарын ихэнх нь уушгиар дамжин хийт цуухын хойд хэсгийн хүүдийнүүдэд орно. Урд хүүдийнүүдэд амьсгалаар авсан агаар орохгүй, харин уушгинд байсан агаар орно. Амьсгал гаргах үед хойд хэсгийн хийт цуухын хүүдийнүүдийн агаар гарахгүйгээр гол гуурсан хоолойгоор уушгинд орно. Дараагийн амьсгал авах үед уушгинд орсон агаар урд хүүдийнүүдэд, хоёр дахь амьсгал гаргах үед урд хүүдийнүүдийн агаар биеэс гадагшилна.


Өөрөөр хэлбэл шувуу амьсгалын 2 эргэлттэй, амьсгалаар орж ирсэн агаар амьсгалын бүх тогтолцоогоор 2 эргэлтээр дамждаг. Ийнхүү шувууны байранд илүү их цэвэр агаар шаардагдах тул агааржуулалтыг сайн байлгана.

Л.Эрхэмбаяр, Б.Лувсаншарав, Ж.Рэнцэнханд "Шувууны аж ахуй" 2013

Сэтгэгдэл()