ШУВУУНЫ ТЭЖЭЭЛ БОЛОВСРУУЛАХ ЭРХТНИЙ ОНЦЛОГ
2018 оны 11 сарын 15Шувууны тэжээл боловсруулах үйл нь сүүн тэжээлтнийхтэй төстэй боловч бүтэц, үйл ажиллагааны зарим онцлогууд байдаг. Үүнд:
- Шүд байхгүй, хатуу хошуутай, хамар залгиур нь энгийн бүтэцтэй.
- Гүеэтэй буюу улаан хоолой дээд хэсэгтээ өргөсөлт үүсгэсэн.
- Булчирхайлаг ба булчинт гэсэн хоёр тасалгаат ходоодтой.
- Элэг ба нойр булчирхай сайн хөгжсөн, 2-3 урсууртай.
- Хоёр олгойтой, клоактай буюу хам сүвтэй энд тэжээл боловсруулах, үржлийн ба шээсний замууд нэгдсэн байна.
Шувууны амны хөндийд тэжээл боловсрох
Шувууд мэдрэхүйн эрхтнүүдийнхээ тусламжтайгаар тэжээлийг сонгох бөгөөд үрэн тэжээлт шувууд хатуу тэжээлийг тоншиход зохицсон хатуу, хурц ирмэг бүхий гөлгөр хошуутай бол усны шувуудын хошууны ирмэг шүдэрхүү эвэрлэг тэжээлийг шүүхэд зохицсон бүтэцтэй.
Шувуу тэжээлийг амандаа удаалгүй түргэн залгидаг ба амны хөндийн булчирхайгаас бага хэмжээний салс голдуу шүлс ялгарч, тэжээлийг норгон залгихад хялбар болгодог. Шувууны шүлсэнд амилаза фермент бага зэрэг байдаг.
Шувууны гүеэнд тэжээл боловсрох
Тэжээл амнаас гүеэнд орно. Энэ нь тахианд сайн хөгжсөн бол галуу, нугасанд зөвхөн улаан хоолойн өргөсөлт төдий байна. Гүеэний дотор хана олон давхраат хавтгай хучуур эсээр хучигдсан, жинхэнэ холбох эдийн давхаргад байрлах цулцан, гуурслаг булчирхайнаас ферментгүй салслаг шүүрэл ялгарна. Гүеэнд бичил биетний ферментийн нөлөөгөөр болон шүлстэй хамт орж ирсэн амилаза ферментийн нөлөөгөөр нүүрс ус бага зэрэг буюу 15-20 хувь нь задарна. Гүеэний рн 4.5-5.5 боловч тэжээл идсэний дараа бага зэрэг багасна.
Гүеэний нэг грамм агуулахуунд 108 бичил биетэн амьдрах ба тэдгээрийн ихэнх нь агаартан бичил биетнүүд, лактобацилл, мөөгөнцрүүд, хөрөнгийн бактерууд байна. Бичил биетнүүд тэжээлийн уураг, өөх тос ялангуяа нүүрс усыг задлах үйлдэл бүхий ферментүүдийг нийлэгжүүлнэ. Гүеэнд эслэг бараг задардаггүй бөгөөд уураг ба өөхний задрал харьцангуй бага ач холбогдолтой, харин цардуул нь мальтоз, глюкоз болтлоо задарна. Глюкоз цааш сүүний хүчил ба өөхний дэгдэмхий хүчлүүд болж исэлдэнэ. Исэлдэлтийн үр дүнд үүссэн бүтээгдэхүүнүүд цусанд шимэгдэн орж энергийн эх сурвалж болно.
Тахианы гүеэнд 75-100 грамм тэжээл багтаж, найрлага шинж чанараасаа хамааран 2-4 цаг, хааяа 16-18 цаг байна. Тэжээл идснээс хойш 30-40 минутын дараа гүеэний булчингийн агшилт эхэлж, тэжээл ходоодонд шахагдан орно.
Ходоодонд тэжээл боловсрох
Гүеэнээс тэжээл булчирхайт ходоодонд ордог. Булчирхайт ходоодны хана зузаан, салст бүрхүүлийн гадаргуугийн булчирхай нь товч хэлбэртэй, салстын доорх давхаргын булчирхай нь сүүн тэжээлтний ходоодны булчирхайтай адил цулцанлаг булчирхайнууд байна. Ходоодны шүүсэнд давсны хүчил 0.2-0.5 хувь буюу нас гүйцсэн шувуунд ихэнх нь чөлөөт байдлаар, ангаахайд сар хүртэлх хугацаанд холбоот байдлаар агуулагдах ба ходоодны шүүсэнд уураг задлагч пепсин фермент байна. Булчирхайт ходоодонд тэжээл бараг боловсрохгүй ялгарсан ходоодны шүүсний хамт булчинт ходоодонд шилждэг.
Булчинт ходоод нь булчирхайт ходоодтой богино хүзүүвчээр холбогдон, үндсэн ба завсрын 2 хос хүчирхэг хөгжсөн гөлгөр булчингаас тогтох ба үрэн тэжээлтэн шувуудад булчинт ходоод илүү хөгжсөн байна. Булчинт ходоодны дотор хана нь хатуу кутикулаас тогтох ба түүний доод давхаргаас хатууруулагч шүүрэл ялгарахын зэрэгцээ кутикул нь байнга солигдож байдаг.
Булчинт ходоодонд тэжээл механикаар үрэгдэн няцарч, тэжээлтэй хамт орсон чулуу, хайрга, шилний үйрмэг гэх мэт хатуу зүйлс тэжээлийг няцлахад дэм болно. Няцарсан тэжээл булчирхайт ходоодноос орж ирсэн шүүрэлд агуулагдах ферментийн нөлөөгөөр задрах ба уургийн 35-50, өөх тос, нүүрс усны 10-15 хувь нь 2-4 цагийн дотор задарна. Булчинт ходоод 20-30 секундийн давтамжтай нэгэн хэмээр агшина. Энэ үед ходоодны хөндийн дотоод даралт тахианд 100-160, галуунд 250 мм м.у.б. хүртэл нэмэгдэж, тэжээлийн зүйл механикаар боловсрох нөхцөлийг бүрдүүлдэг.
Нарийн гэдсэнд тэжээл боловсрох
Ходоодонд тэжээлийн зүйл төдий л удалгүй нарийн гэдсэнд шилжинэ. Шувууны гэдэс харьцангуй богинохон. Арван хоёр хуруу гэдэсний дээд нугалаанд нойр булчирхайн 3, цөсний 2 урсуур нээгдсэн байдаг. Нойр булчирхайнаас шүүс тасралтгүй ялгарах ба сул шүлтлэг РН 7.5-8.1, цөсний РН 7.3-8.0 урвалтай байх бөгөөд сүүн тэжээлтнийхтэй адил фермент агуулагдана. Харин арван хоёр хуруу гэдсэнд булчирхай байдаггүй тул шүүс ялгарахгүй.
Шувууны гэдэсний хөдөлгөөн сүүн тэжээлтнийхтэй адил гүрвэлзэх хэдий ч сөрөг гүрвэлзэх хөдөлгөөн хийнэ. Иймээс хэт хатуу юмуу бүхэл тэжээл өгвөл сөрөг гүрвэлзэх хөдөлгөөн үүсч идсэн зүйлс хойш урагш чөлөөтэй шилжиж шингэц удааширдаг.
Олгойд тэжээл боловсрох
Шувууны олгойд бичил биетний ферментийн оролцоотой эслэг задарна. Түүнчлэн өөх, нүүрс усны задрал явагдах ба эслэг бүрэн задрахгүй. Мөн амьтны гаралтай тэжээлээс В бүлгийн ялангуяа В12 витаминыг нийлэгжүүлнэ.
Тэжээлийн зүйл олгойноос шулуун гэдсээр дамжин клоак буюу хам сүвд орж, шээстэй холилдон сангас болж гадагшилна.
Л.Эрхэмбаяр, Б.Лувсаншарав, Ж.Рэнцэнханд “Шувууны аж ахуй” 2013
Сэтгэгдэл()